Монгол Улсынхаа алтан соёмбот далбаагаа Английн нийслэл Лондон хотын
тэнгэрт мандуулж, зуны Олимпийн ХХХ наадмаас медаль хүртэн, эх орон,
эцэг эх, өөрийн нэрийг бахархалтайгаар дуудуулсан жудогийн тамирчин,
ОУХМ С.Ням-Очир, МУ-ын анхны Олимпийн аварга Н.Түвшинбаяр, чөлөөт бөхийн
тамирчин, МУ-ын гавьяат тамирчин С.Батцэцэг, боксчин МУГТ
У.Мөнх-Эрдэнэ, МУГТ Н.Төгсцогт нартаа нийт Монголчуудынхаа өмнөөс баяр
хүргэхийн хамт эрхэм тамирчид та бүхний цаашдын амьдрал, спортын замналд
аз жаргал, эрүүл энх, өндрөөс өндөр амжилт ялалтыг хүсэн ерөөе!
Лондонгийн
Олимпийн медалийн салхийг жудогийн 73 кг-ийн жинд барилдсан С.Ням-Очир
хагалж, хүрэл медаль хүртсэн нь жудогийн түүхэн дэх зургаа дахь медаль
байлаа. Медалийн булган сүүлтэй С.Ням-Очирын араас МУ-ын анхны Олимпийн
аварга Н.Түвшинбаяр жудо бөхийн -100 кг-ийн жинд барилдаж, мөнгөн медаль
хүртсэн билээ. Чөлөөт бөхийн төрлөөр анхны эмэгтэй Дэлхийн аварга болж
байсан, Лондонгийн Олимпийн хүрэл медальт тамирчин С.Батцэцэг Монголын
эмэгтэй бөхчүүдийн анхны медалийг хүртсэн нь чөлөөт бөхийн 32 жил
хүлээсэн медаль байсан юм. Зуны Олимпийн ХХХ наадмаас боксын 64 кг-ийн
жинд хүч үзэж, хүрэл медаль хүртсэн нь У.Мөнх-Эрдэний хувьд олон жилийн
цуцашгүй хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн хэрэг байлаа. Боксын 52 кг-ийн
жинд өрсөлдөж, мөнгөн медалиар энгэрээ мялаасан залуу тамирчин
Н.Төгсцогт бол Монголын спортын түүхэн дэх хамгийн залуу Олимпийн
медальтан юм. Эх орон, ард түмнийхээ бахархал болсон тамирчдын маань
ялалт хямдхан олдоогүйг санаж, МУ-ынхаа нэрийг Дэлхийн тавцанд
дуурсгасан хүндэт тамирчиддаа дахин дахин талархал илэрхийлье!
Эх сурвалж: XoPoM.com -доо баярлалаа.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хvндэтгэн vзнэ vv.